ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА

 

           Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулиудыг батлан гаргаж, 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр манай улсад анх удаа дагнасан шүүх байгуулагдаж, Монгол Улсын эрх зүйн хөгжил, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн, чухал үйл явдал болсон билээ.

          Энэхүү шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор шүүхийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх, хүний эрх нийтийн эрх зүйн хүрээнд зөрчигдөхөөс хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох зорилготой шүүх юм.

           Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийн дагуу Хэнтий аймагт Захиргааны хэргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэхэд, тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Шүүхийн тухай хуульд заасны дагуу Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Н.Лхагвадорж хавсран ажиллаж, анхных нь шүүгчээр Д.Чанцалням, Ц.Эрдэнэчулуун нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 98 дугаар зарлигаар томилогдон ажилласан байна.

           Шүүгч Ч.Чанцалням нь Төв аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр шилжин ажиллах болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар зарлигаар Ч.Одсүрэн тус шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхэлжээ.

            Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид нь захиргааны хэргийг дагнан шийдвэрлэж, шинэ шүүхээ сурталчлах, иргэд, олон нийтэд таниулах зорилгоор идэвхтэй ажиллаж, захиргааны хэргийн шүүх төлөвшин бэхжих үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

           Хан Хэнтий нутагт шүүх байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Балжмаа, шүүгчээр Г.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нар ажиллаж байна.

         Шүүгч Г.Баясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар зарлигаар, Ерөнхий шүүгч Н.Балжмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар зарлигаар тус тус томилогдон, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр, шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж байна.

           Тус шүүхийн шүүгчийн туслахаар 2004-2011 онд Д.Оюунцэцэг, 2012-2013 онд Б.Шинэбаяр нар ажиллаж байсан бөгөөд 2013 оны 9 дүгээр сараас эхлэн Э.Лхагватөмөр ажиллаж байна.

           Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын дээд шүүх, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан хамтран 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Төрийн ордонд зохион байгуулсан Олон улсын онол-практикийн бага хуралд тус шүүхийн шүүгч нар уригдан оролцов.

            Захиргааны хэргийн шүүхийн 10 жилийн ойг угтан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх /Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх/-ээс улсын хэмжээнд зарласан, захиргааны хэргийн шүүхийн шилдэг шийдвэр шалгаруулах уралдаанд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ шалгарч, тэргүүн байрыг, шүүгч Г.Баясгалан тусгай байр эзэлж, амжилттай оролцсон нь манай шүүгч нарын мэдлэг, ур чадварын илэрхийлэл юм.

            Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа нь 2015 оны 03 дугаар сард "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, шүүгчийн туслах Э.Лхагватөмөр нь 2014 оны 12 дугаар сард Монголын залуучуудын холбооны "Хөдөлмөрийн алдар” тэмдгээр тус тус шагнуулж, хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлсэн, сайхан үйл явдал боллоо.

             Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн хүрээнд Улсын Их хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүх байгуулах тухай хууль баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсний дагуу Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн нэрийг "Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх” болгон өөрчилсөн бөгөөд энэ нь Шүүх байгуулах тухай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар дахин өөрчлөгдөж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс "Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

               Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2005-2015 онд нийтдээ 160 захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн ба жилд дунджаар 20 орчим хэрэг, маргаан хянан шийдвэрлэж байна. Шийдвэрлэсэн хэргийн 60 гаруй хувьд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоосон үзүүлэлт юм.

               Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хамт олон бид эзэн Чингисийн өлгий нутгийн намтар түүхт шүүхийн байгууллагын нэгэн бүрэлдэхүүн болж, ард иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоох ариун үйлсдээ оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллах урам зориг дүүрэн байгаагаа аймгийн шүүхийн 90 жилийн ойн өндөрлөг дээрээс илэрхийлэн хэлэхэд таатай байна.

 



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог