Нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ.

Нэхэмжлэгч гэж захиргааны хууль бус актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, эрхээ сэргээлгэж, хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэлгаргасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй:

· шууд шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульд тусгайлан заасан;

· дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн;

· захиргааны байгууллага, албан тушаалтан урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг биелүүлээгүй;

· шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй;

  • харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол

Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байгаа этгээд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

Иргэн та захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлдээ дараах зүйлийг заавал тусгана.

1.нэхэмжлэлийг захиргааны хэргийн ямар шүүхэд гаргаж байгаа;

2.нэхэмжлэгч, хариуцагчийн овог, эцгийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;

3.нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл;

4. хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах зүйлүүд багтана:

· захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;

  • захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэл,

  • захиргааны хууль бус актын улмаас ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйгээс үүсэх үр дагавар

Нэхэмжлэлийн дээрх бүрдүүлбэрийг хангаагүй бол шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно. Тогтоосон хугацаанд уг бүрдүүлбэрийг хангаагүй бол шүүгч нэхэмжлэлийг буцаана.

Нэхэмжлэлд хавсаргах зүйлс:

· Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /заавал/

· Нэхэмжлэгч нь иргэн бол иргэний үнэмлэхний, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

· Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргаж байгаа бол итгэмжлэл /заавал/

· Нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтууд /өөрт байгаа/

· Маргаж буй захиргааны актын хуулбар /байгаа бол/

· Урьдчилан шийдвэрлүүлсэн талаар нотолсон баримт

· Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэсэн бол шүүгчийн захирамж

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон итгэмжлэл буюу бүрэн эрх олгож, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог