“ИРГЭН ТАНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ”

Нийтэлсэн: informer /  2017-09-21 өдөр

"ИРГЭН ТАНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ”


Манай улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад даруй 10 гаруй жил болж байгаа тул энэ шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд хэдийнээ танил болжээ.

Монгол Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна. Ингэснээр манай улсын захиргааны материаллаг болон процессын эрх зүй хөгжлийн дараагийн шатандаа шилжсэн гэж судлаачид үзэж байна.

Эдгээр хуулиудын талаар товч ойлголт өгье:


Захиргааны ерөнхий хууль:


Төрийн байгууллагын тоо, бүтцээс хамааралтай эзлэх хувийн жинг авч үзвэл хамгийн олон тооны албан хаагчтай, хамгийн олон салбарын асуудал хамарсан, шатлан захирах ёсны тогтолцоотой бүтэц нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч захиргааны байгууллага байдаг.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй нийт 400 гаруй хуулийн 230 орчим хуульд захиргааны байгууллагын эрх, үүргийг заасан боловч захиргаанаас гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа баримтлах нийтлэг зарчим, хүрээ хязгаар, иргэд, хуулийн этгээдийн эрхийг хөндөх буюу хязгаарлаж байгаа тохиолдолд хийгдэх үйл ажиллагааны дараалал, хугацаа, үндэслэл, гаргасан шийдвэрээ иргэд, хуулийн этгээдэд хүргэх, мэдээлэх тухай болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо зэргийг тодорхой зохицуулаагүй, эсхүл харилцан адилгүй зохицуулсан байсан.

Манай улсад анх удаа батлагдсан Захиргааны ерөнхий хууль нь захиргааны байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн байдлаар иж бүрэн зохицуулж, захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэх зорилготой юм.

Захиргааны ерөнхий хуулиар, нэг талаас ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, нөгөө талаас ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН хоёрын хооронд үүсэх харилцааг зохицуулдаг.

Захиргааны байгууллага гэдэгт, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг ойлгоно. Тухайлбал, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага гэх мэт байгууллагууд хамаарах юм.

Монгол Улсын Шүүхийн тайлан мэдээнээс үзэхэд, жишээ нь, 2016 онд захиргааны хэргийн хариуцагчаар Монгол Улсын Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг- 450 хэрэгт, бүх шатны Засаг дарга- 528 хэрэгт, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг- 220 хэрэгт, улсын хяналт, шалгалтын байгууллага- 167 хэрэгт, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал- 80 хэрэгт тус тус хариуцагчаар оролцсон байна. Мөн Монгол улсын Засгийн газрын гишүүн болон зарим Яамд ч захиргааны хэргийн хариуцагчаар оролцжээ.

Захиргааны ерөнхий хууль нь,

- хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа

- Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа

- Гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

- Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа зэрэг харилцаанд үйлчлэхгүй.

Энэ хуульд олон шинэ зохицуулалт, ойлголтуудыг тусгаж өгсөн ба захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн болон тусгай зарчмуудыг заасан байна.

Эдгээр зарчмуудыг ерөнхий шинжээр нь хоёр ангилж үзвэл илүү тодорхой, ойлгомжтой болно. Үүнд:

- Захиргааны байгууллагаас үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчмууд: Захиргааны шийдвэрийн хэлбэр, үйл ажиллагаа тодорхой байх; захиргааны шийдвэр үндэслэлтэй байх; захиргаа төвийг сахих; ил тод нээлттэй байх; захиргааны үйл ажиллагаа шаардлагатай тохиолдолд л хийгдэх; зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх; захиргааны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх; үр ашигтай-эдийн засгийн хэмнэлттэй байх.

- Захиргааны шийдвэрээр эрх нь хөндөгдөх иргэд, захиргааны үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг аль болох хангахад чиглэгдсэн зарчмууд: Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох; зөвлөгөө өгөх болон мэдээллээр хангах; иргэдийн итгэлийг хамгаалах; эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх; бусдын эрх, эрх чөлөөг хууль бусаар зөрчихгүй байх; оролцогч бичиг баримттай танилцах эрх; захиргаанаас гомдлыг хугацаанд нь журмын дагуу хянан шийдвэрлэх үүрэг зэрэг зарчмууд юм.

Иймээс Захиргааны ерөнхий хууль нь иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чухал ач холбогдолтой хууль юм.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль


Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор 2004 оноос хэрэгжсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлага гарсан. Иймээс уг хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан бөгөөд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” нэртэйгээр батлагдан гарсан.

Энэ хуульд шинээр орсон онцлог зохицуулалтын талаар дурдая. Өмнөх хуулиар иргэн, хуулийн этгээд зөвхөн өөрийн зөрчигдсөн "субьектив эрх”-ээ сэргээхээр шүүхэд ханддаг байсан бол шинэ хууль эдгээрээс гадна "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” болон захиргааны байгууллага” гэсэн хоёр этгээдийн "обьектив эрх”-ийг хамгаалах асуудлаар шүүхэд хандах боломжийг баталгаажуулсан.

Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд энэ нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байх бөгөөд хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Харин захиргааны байгууллагын хувьд хууль зөрчигдсөн нь түүний хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нөхцөлд нэхэмжлэл гаргаж болохоор зохицуулагдсан.

Шүүхэд хандах этгээдийн хувьд ийнхүү нэмэгдсэний зэрэгцээ эдгээр нь "зөрчигдсөн” болон "зөрчигдөж болзошгүй эрх”-ээ хамгаалуулахаар хандах боломжтой болсон. Тодруулбал, өмнөх хуулиар тодорхой этгээдэд чиглэсэн захиргааны акт гарч гэмээ нь эрх нь хөндөгдсөн тухайн этгээд шүүхэд мэдүүлэх эрхтэй байсан бол шинэ хууль, эрх нь зөрчигдөх нь тодорхой нөхцөл байдалд байгаа буюу "эрх нь зөрчигдөх нь дамжиггүй” этгээд урьдчилан хамгаалалт хүсч шүүхэд хандах боломжийг нээсэн нь чухал ач холбогдолтой болсон.

Гэхдээ үүнийг захиргааны үйл ажиллагааны бүх төрөлд хамаатуулан авч үзэхгүй, зөвхөн "захиргааны хэм хэмжээ тогтооосон акт /дүрэм, журам г.м/” болон "захиргааны төлөвлөлт”-тэй холбогдуулан "зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалуулах тухай нэхэмжлэл гаргаж болно.

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Н.Балжмаа

 



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо
Гэр бүлийн маргаанаар мэргэшсэн шүүгч, мэргэжилтэн бэлтгэхэд хамтрах боломжийг судлахаар боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай Японы Хууль ...

Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө
Гэр бүлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нэг цэгт төвлөрлөө

Улаанбаатар хотод гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, ...

Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө
Ажлын албаны 2016 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас зөрчилгүй дүгнэлт өглөө

   Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Төсвийн тухай ...

Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо
Хуульч, эдийн засагчдын нэгдсэн клубын анхны уулзалт боллоо

  Хуульч, эдийн засагчид хамтарч хөгжих, харилцан мэдлэг, туршлага солилцож энэ чиглэлээр ...

Зургийн цомог