АХМАД ШҮҮГЧИЙНХЭЭ ХОББИГООР ХАМТ ОЛНООРОО АЯЛЛАЛАА.

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нь Шүүхийн байгууллагад тасралтгүй 36 дахь жилдээ, үүнээс 34 жил шүүгчээр ажиллаж байгаа ахмад тэргүүний шүүгч юм.

Тэрээр 2000-2004, 2007, 2010, 2011 онуудад Хэнтий аймгийн “Оны тэргүүний шүүгч”, улсад 1990 онд “Оны тэргүүний шүүгч”-ээр, 1996 онд улсад 2 дугаар байранд шалгарч байсан. Хөдөлмөрийн хүндэт медаль, Төрийн дээд шагнал Алтангадас одон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Улсын дээд шүүхийн Хүндэт тэмдэгтэй. 2017 оны босгон дээр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан нэгэн бөгөөд өнөөдөр манай хамт олон түүний хувийн хоббигоор аялалаа.

1970-аад оноос одоог хүртэл марк, чихрийн цаас, ил захидал, чүдэнзний хайрцагны наалт гэх мэт олон зүйлсийг цуглуулж хоббигоо болгожээ. Мөн 1984 оноос одоог хүртэл төв, орон нутгийн хэвлэлд өөрийн бичсэн зүйлээ архивлан хадгалдаг юм.

Ахмад шүүгчийн хувьд та нартаа хоббигоо үзүүлж сонирхуулсан нь бидний залгамж халаа болсон та бүхнийгээ олон сайхан зүйлс цуглуулж өөрийн хоббитой болсноор магадгүй 5, 10 жилийн дараа түүх, дурсамж болон үлддэг юм шүү хэмээн уриаллаа.

 

Эрхэм шүүгчийнхээ цаашдын ажил, амьдралд нь

сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.