БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-12-22    |   273

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Б.Дэнсмаа Бүгд Найрамдах Турк улсын “Шүүх болон Дагнасан шүүхүүдийн Олон улсын боловсролын хөтөлбөр” сэдэвт сургалтад хамрагдсан сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Миний бие эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нарын хамт Бүгд Найрамдах Турк Улсын Шүүхийн Академиас 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулсан “Шүүх болон Дагнасан шүүхүүдийн Олон улсын боловсролын хөтөлбөр” сэдэвт сургалтанд  хамрагдсан билээ.

Сургалтын явцад Турк Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн академийн үйл ажиллагаа, үндэсний шүүхийн сүлжээ төсөл, шинжээчийн үйл ажиллагаа, шүүгчийн ёс зүй сэдвүүдээр мэдээлэл авсан бөгөөд, сургалтын хөдөлбөрийн сэдэв, агуулга нь нийцэлтэй, зохион байгуулалт менежмент сайтай, багш, илтгэгч нар нь мэдээллийг сонирхолтой, ойлгомжтой байдлаар өгсөн  зорилгодоо нийцсэн сургалт  байсан бөгөөд олж авахыг хүссэн мэдээлэл, мэдлэгийг авсандаа баяртай байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  үзлэг нэгжлэг хийх, цагдан хорих, эд зүйлийг хураан авах зэрэг ажиллагаанд шүүгчийн зөвшөөрөл авдаг, шүүгчид горилогчид сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөний дараа тодорхой хугацаанд суралцах бөгөөд  шүүгчээр томилогдсоны дараа шүүгчийн туслахаар мөн тодорхой хугацаанд ажиллаж байж шүүгчээр ажилладаг, шүүгчээр 10 жил ажилласан, магистрийн зэрэгтэй, 30-аас дээш насны шүүгч гэр бүлийн хэрэг маргааныг хянан  шийдвэрлэдэг, шүүхийг  бүсийн, гэр бүлийн, арилжааны татварын, кадастрын зэргээр дагнан байгуулж ажилладаг мөн эрүүгийн хэргийн шүүхийг ерөнхий, хүнд хэргийн, тусгай хэргийн зэргээр төрөлжүүлэн дагнан ажилладаг  зэрэг нь маш ихээр сонирхол татаж манай улсад  хэрэгжүүлбэл зүгээр санагдлаа.

Сургалтын явцад шүүхийн нэгдсэн байр,  бүсийн давж заалдах шатны шүүх, шүүх эмнэлэгт тус тус зочлон үйл ажиллагаатай нь танилцаж Истанбул хот, Анталья хот дахь Аспендос болон Манавгат, “Пергийн эртний хот”, Куршунлу хүрхрээ болон Аквариума зэрэг түүх дурсгалын үзэсгэлэнт газруудаар аялсан болно. Цаашид кибер гэмт хэрэг, терроизмын эсрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг шийдвэрлэж буй шүүхийн практикийг дэлгэрүүлэн суралцвал илүү их ач холбогдолтой юм.  

Энэхүү сургалтыг санаачилж, бодитоор хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг болон Туркийн Шүүхийн академийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа

. . .