ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-27    |   241

Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Борын  Дэнсмаа өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг 2024.05.24ий өдөр зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хуралдаан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд явагдсан бөгөөд энэхүү хуралдаанд тус шүүхийн нийт шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Хэнтий аймгийн Хуульчдын холбоо, Хэнтий аймгийн Прокурорын газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч нар, тухайн шүүхийн үе үеийн шүүгч, ажилтнууд болон Б.Дэнсмаа шүүгчийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн хуралдааныг Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дэнсмаа нээснээр эхэлж, танхимд төрийн дуулал эгшиглэн Тамгын газрын дарга Б.Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон Б.Дэнсмаа шүүгчид өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн өмсгөл, алхыг дурсгал болгон хадгалуулав.

 Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа болон хүрэлцэн ирсэн ахмад шүүгч, хамтран ажиллаж байсан хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэн баяр хүргэж, шүүгч Б.Дэнсмаа нь шүүн таслах ажлын баялаг туршлагаасаа хуваалцаж, шинэ залуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын цаашдын ажилд өндөр амжилт хүсч талархал илэрхийллээ.

Монголын шүүгчдийн холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны дарга шүүгч Х.Отгонжаргал холбооноос ирүүлсэн дурсгалын зүйлийг гардуулсан бөгөөд уригдсан зочид төлөөлөгчид Б.Дэнсмаа шүүгчийн цаашдын амьдралд эрүүл энх, урт удаан наслах ерөөлийг дэвшүүлж, дурсгалын зураг авахуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.

. . .