НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛ ХУУЛИАР ХАМГААЛАГДАНА
2024-12-18 | 20Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2024/0013,
Шүүхийн шийдвэрийн тойм: № 01, 2024.12.10,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Нэхэмжлэгч “Б” НҮТББ нь Х сумын Засаг даргад холбогдуулан 2013 онд “С” ХХК-д газар эзэмшүүлсэн Х сумын Засаг даргын 2022 оны А/73 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
“Б” НҮТББ нь “ “С” ХХК нь байгаль орчны аудит, байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ огт хийлгээгүй, 2016-2019 онд 3 жил дараалан тариалалт хийгээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар” маргасан,
Х сумын Засаг дарга “2013 онд олгосон газар эзэмших эрхийг 2022 онд хүчингүй болсонд тооцож, газрыг 4 хуваан үлдсэн хугацаагаар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, аж ахуйн нэгжийн газар эзэмших захирамжийг хүчингүй болгон хохироож болохгүй” гэж маргажээ.
“С” ХХК нь “манай компани Газрын тухай хууль зөрчөөгүй, газрыг зориулалтаар ашигласан, 2017, 2023 онд үнэлгээ дүгнэлт хийлгэсэн, газрын гэрээг жил бүр дүгнүүлдэг, 3 жил дараалан тариалалт хийсэн” гэж тайлбарласан.
Шүүхээс “Х сумын Засаг дарга нь “С” ХХК-ийг Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй байхад газар эзэмшүүлсэн нь газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхдээ өмнө нь зайлшгүй Байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулахыг шаардсан хуулийн зохицуулалтыг хангаагүй.
Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсний дараа газрыг эзэмшүүлэх нь төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох зорилт хангагдах юм. Гэтэл Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүйгээс салхины элэгдэл, эвдрэлээс хамгаалах, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс хөрсний механик бүрэлдэхүүн өөрчлөгдөх үр дагавар бий болох, эрүүл аюулгүй орчин амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэж дүгнэн “С” ХХК-д газар эзэмшүүлсэн Х сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: www.shuukh.mn
Тойм бичсэн: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа