ХАМТРАН ЗЭЭЛДЭГЧЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БОЛ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024.03.11 № 144
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Товч агуулга: Иргэн Ц.О нь 2023.02.02, 2023.02.17-ны өдрүүдэд Х ХХК банкнаас зээл авсан бөгөөд эдгээр зээлийг авахдаа хамтран зээлдэгчгүйгээр зээл авсан байна. Улмаар 2023.03.13 өдөр өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авахдаа иргэн С.Б-г хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулжээ. Улмаар үндсэн зээлдэгч Ц.О нь нас барсан бөгөөд зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй байгаа тул банкнаас зээлийн төлбөрийг хамтран зээлдэгч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...би Ц.О-г сайн танихгүй, намайг зах дээр явж байхад тэтгэвэрийн зөрүү 200,000 төгрөг авах гэсэн юм, банкнаас заавал хамтран зээлдэгч байх хэрэгтэй гээд байна. Чи гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан учир би гарын үсэг зурсан. Төлөхөөр бол өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, сүүлд авсан 200,000 төгрөгийн зээлийг л төлнө” хэмээн маргажээ.
Шүүхийн шийдвэр: Хариуцагч С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь “хамтран зээлдэгч” гэдэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт /ИХ-240.1.2/ бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Ц.О, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч болон хамтран зээлдэгчийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй байдаг. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.
С.Б нь хэдийгээр Ц.О-г сайн танихгүй, уг зээлээс авч хэрэглээгүй, гарын үсэг зураад өг гэхэд нь зээлийн гэрээг уншаагүй гарын үсэг зурсан, өмнөх зээлийн үлдэгдлийг хариуцахгүй. Зөвхөн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурахад авсан 200,000 төгрөгийн зээл болон түүний хүүг төлнө гэх боловч тэрээр өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр дээр нэмж зээл авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх ба тэрээр өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, хариуцлага хүлээх насанд хүртсэн, эрх зүйн чадамжтай тул түүний энэхүү татгалзал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Түүнчлэн үндсэн зээлдэгч нас барснаар түүний хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болдог, харин хамтран зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. /ИХ-242.3, 451.1/
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: www.shuukh.mn
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Марина
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.