ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА
2019-04-24 | 205Эвлэрүүлэн зуучлах ажиллагаааны зорилго
Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.
Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна
- Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах.
- Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.
Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргах хэлбэр
- Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй оролцогч этгээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.
- Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.
- Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
- Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
- Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэрлэгчид энэ хугацаанд эвлэрээгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
- Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж баримт бүрдүүлнэ.
Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
- Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй дуусгавар болсон тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
- Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг шүүгч тогтооно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал:
- Өргөдөл гаргахад тусгайлсан мэдлэг шаардагдахгүй.
- Асуудлын шийдлийг эвийн журмаар шийдвэрлэх боломжтой:
- Талуудын аль аль нь сэтгэл ханамжтай шийдэлд хүрэхээр харилцан ярилцсанаар маргааныг шийдвэрлэдэг.
- Хөрөнгө мөнгө, цаг хугацааны хэмнэлт, /харьцангуй богино хугацаанд бага зардлаар асуудлыг шийдвэрлэнэ./
- Нэг удаагийн уулзалтаар маргаанаа шийдвэрлэх боломжтой бөгөөд талууд сэтгэл ханамжтай үлдэх
- Ажиллагаанд оролцож буй талуудын аль аль нь асуудлыг хянах боломжтой байдаг.
- Нууцыг чанд хадгална. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хаалттай явагддаг.
- Шүүхийн шийдвэртэй адил хүчин төгөлдөр болгох боломжтой.
Өргөдөл гаргахад бүрдүүлэх материал:
- Иргэний эрх зүйн маргаанд: - Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, -Хэрвээ мөнгөн дүнгээ хүүтэй нэхэмжилж байгаа тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээ эсвэл түүнтэй адилтгах баримт / өргөдөлд хуулбар баримт хавсаргах бол ноториатаар батлуулсан байх/ - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Гэр бүлийн маргаанд: - Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар байтлуулсан байх. Мөн багийн засаг даргын тодорхойлолт, сургууль, цэцэрлэгт сурдаг хүүхдэд тодорхойлолт, өрхийн эмнэлгээс хүүхдийг эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт - Улсын тэмдэгтийн хураамжинд 30000 төгрөг төлсөн баримт
- Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд: - Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, ажилд томилсон болон ажлаас халагдсан тушаал, Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг ноториатаар батлуулсан байх -Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
Жич: Иргэн та 1 050 000 төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй маргаанд улсын тэмдэгтийн хураамжид 30000 төгрөг төлөх бөгөөд түүнээс бага мөнгөн дүнг шүүхийн мэдээлэл лавлагаанаас тодруулна уу?
- Улсын тэмдэгтийн хураамжийг аль ч банкинд байрших 250000393476 дансанд эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний хөлс гэж төлнө үү.
ХОЛБОО БАРИХ УТАС
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах хэсэг 70562091
Эвлэрүүлэн зуучлагч З.Баярмаа 93338667
Эвлэрүүлэн зуучлагчийн туслах А.Энхсаран 92170026