ГАВЬЯАНЫХАА АМРАЛТАНД ГАРЧ БУЙ ЭРХЭМ ШҮҮГЧДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2020-12-16    |   199

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо нь өндөр насны тэтгэвэртээ гарах болсонтой тус шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа.

Хүндэтгэлийн хуралдаанд орон нутгийн хуулийн байгууллагын удирдлагууд, өмгөөлөгч, нотариатын байгууллагын төлөөлөл, бусад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцов. 

     

Шүүгч Б.Сүхгомбо нь 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс Хэнтий аймгийн шүүхэд нарийн бичгийн даргаар, 1983 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс тус аймгийн хэсгийн ардын шүүхэд шүүгч, Сум дундын шүүхэд шүүгчээр, 2000 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс давж заалдах шатны шүүгчээр нийт 34 жил шүүгчээр тасралтгүй ажилласан ахмад туршлагатай шүүгч юм.

Тэрээр 1990 онд улсын хэмжээнд “Оны тэргүүний шүүгч”-ээр 1988, 1989 онд “Шүүн таслах ажлын чанарын мандат”-ыг жил дараалан олгож, 1991 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг, 1996 онд Монгол улсад шүүх байгуулагдсаны 70 жилийн ойгоор “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2006 онд “Алтангадас” одон, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хүндэт тэмдэг, 2015 онд шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2016 онд Улсын Дээд Шүүхийн хүндэт тэмдгээр, 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр, 2000, 2001, 2003, 2004, 2007, 2010, 2011, 2016, 2018 оны байдлаар ажлаараа Хэнтий аймгийн шүүхдээ 1 дүгээр байр эзлэн “оны тэргүүний” шүүгчээр шалгарч, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 10 жилийн ойн “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагнагдаж байсан.

Хүндэтгэлийн хуралдааны үеэр шүүгч Б.Сүхгомбо нь шүүн таслах ажиллагааны туршлагаасаа хуваалцаж, хүндэтгэлийн зөвлөгөөнд оролцсон шүүгч, ажилтнууд, хуульч нарт шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсэж, дурсгалын зураг татуулснаар хүндэтгэлийн хуралдаан өндөрлөлөө.

 

“Хэнтий аймгийн шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын зүгээс тандаа

эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”

 

     ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ АЛБА

. . .