САХИЛГЫН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ АЖИЛТАНД ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛЖ БОЛОХГҮЙ
2023-11-21 | 444Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 127/ШШ2023/0005,
Шүүхийн шийдвэрийн тойм: № 05, 2023.11.15,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,
ХАНСЗД 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/01 тоот захирамж гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.У-ийг албан тушаалаас нь чөлөөлсөн ба Х.У нь уг шийдвэрийг хүчингүй болгуулж, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч “ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар аваагүй” гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг “санхүүгийн зөрчил гаргасан” гэж тус тус маргажээ.
Хариуцагч нь маргаан бүхий актдаа Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой заалтыг баримталсан ч, нэхэмжлэгч нь ямар хуулийн ямар заалт, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэзээ, хэрхэн зөрчсөн болохыг захирамждаа тусгаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, оролцогчийг сонсох, тайлбар авах ажиллагааг хийгээгүй байна. Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуульд зааснаар аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг аваагүй байна.
Хариуцагчийн маргаан бүхий актдаа дурдсан, “төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж илүү цагийн мөнгө олгодоггүй, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй” гэх үндэслэлүүд нь нотлогдож, тогтоогдоогүй болно.
Ийнхүү хариуцагчийн гаргасан захирамж хууль бус тул шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”,
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа