БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежид сургалтад хамрагдлаа
2019-11-01 | 211Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод Үндэсний шүүгчдийн коллежийн сургалтад суралцаад ирлээ.
Монгол, Хятад хоёр орны шүүхийн сургалтын солилцоо 2007 оноос эхэлж, өнгөрсөн 10 гаруй жилийн туршид нийт 9 удаагийн, тухай бүр 25 шүүгч, захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн сургалтад хамрагдсан бөгөөд энэ жилийн 10 дахь удаагийн сургалт нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болсон юм.
Энэ удаагийн сургалтад Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн нийт 20 шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон шүүхүүдийн 9 захиргааны ажилтнууд оролцож, багийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр ахалж, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНХАУ-ын Шүүгчдийн коллежоос боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургалтад амжилттай хамрагдлаа.
Сургалтаар БНХАУ-ын шүүхийн бүтэц, зохион байгуулалт, онцлог шинж чанаруудын талаарх мэдлэг, мэдээллийг танхимын лекц хэлбэрээр явуулахаас гадна төрөл бүрийн шат шатны шүүх дээр зочлуулж, шүүхүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцуулж байсан нь сонирхол татахуйц байсан. Энэ бүхнээс үзэхэд БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагаанд орчин үеийн техник технологийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлж байгаа нь ажиглагдсан. Ардын дээд шүүхийн мэдээллийн төв нь шүүхүүдийн үйл ажиллагаа, бүх төрлийн статистик мэдээ мэдээллийг цахимаар улсын хэмжээнд үзүүлэлт бүрээр гаргах хүчин чадалтай ажээ.
Бээжин хотод 2018 оны 9 дүгээр сард “Цахим сүлжээний” гэх хамгийн орчин үеийн шүүхийг байгуулсан байна. Энэ шүүхийн үйл ажиллагаанд цаас огт хэрэглэдэггүй, бүх үйл ажиллагаа нь цахимаар явагддаг. Иймээс хэргийн оролцогч нарын цаг зав, зардлыг хэмнэсэн, иргэд олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шүүх болсон байна.
Сургалтын зав чөлөө, амралтын өдрүүдээр БНХАУ-ын түүхэн дурсгалт газрууд болох Хааны ордон, Цагаан хэрэм, Шар тэнгисийн эрэг дэх Чин хаун дао хотоор аялуулсан нь танин мэдэхүйн ач холбогдолтой, сургалтын агуулгыг улам баяжуулсан сайхан үйл явдал боллоо.