АЛДУУЛ МАЛЫГ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МЭДЭГДЭХГҮЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛБАЛ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗНЭ
2023-06-09 | 236АЛДУУЛ МАЛЫГ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭД МЭДЭГДЭХГҮЙ
ЗАХИРАН ЗАРЦУУЛБАЛ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗНЭ
Шүүхийн шийдвэрийн дугаар, огноо: 2023.03.29, № 2023/ДШМ/13
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2023.06.05, шийдвэр-хураангуй: дугаар 05
Ойдов, Батаа нар нь өөрийн адуунд нийлсэн 5 тооны адууг дур мэдэн нядалж бусдад зарсан бөгөөд бид хоёр алдуул мал завшсан хэмээн мэдүүлжээ.
Прокурор тэднийг олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх “Алдуул мал завшсан” байна гэж дүгнэжээ.
Иргэний хуулийн 117 дугаар зүйлд “...Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах эсвэл орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...” гэж заажээ.
Ойдов, Батаа нар нь хуульд заасан үүргээ биелүүлэлгүй 5 тооны адууг зарж борлуулсан байхад анхан шатны шүүх “алдуул мал завшсан уу, хулгайлсан уу” гэдгийг гүйцэд тодруулалгүй шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарласан байна гэж давж заалдах шатны шүүх үзэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
ТОЙМ БИЧСЭН:
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг