ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДЭХ ТАЛААР УРЬДЧИЛАН ҮГСЭН ТОХИРОЛЦООГҮЙ БОЛОВЧ ҮЙЛДЛЭЭРЭЭ САНААТАЙ НЭГДСЭНИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ХАМТРАН ОРОЛЦСОНД ТООЦНО.
2023-12-25 | 253Шүүхийн шийдвэрийн дугаар, огноо: 2023.11.22, № 2023/ДШМ/45
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэр-хураангуй: дугаар 11
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Шүүгдэгч Т.Я, Т.Г нар нь бүлэглэн ... сумын 1 багийн нутаг ... газраас 2022 оны 03 дугаар сарын 01-02-нд тээврийн хэрэгсэл ашиглаж 6 хонь, 1 ямаа хулгайлж, бусдад 1250000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Я-т 2 жил 2 сарын хорих ял, шүүгдэгч Т.Г-д 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 17,100,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Т.Я нь гэмт хэрэгт үйлдэхэд хамтран оролцоогүй тул түүний үйлдлийг “хулгайн” хэргээр биш, “мөнгө угаах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаснаар хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн байна.
Үндэслэл нь: Эрүүгийн хуульд зааснаар “мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц далд аргаар, хүч хэргэлэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдлээр, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авахыг ойлгоно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхэд биеэр оролцоогүй ч гэмт хэрэг үйлдэхийг анх санаачилсан, бусад шүүгдэгч нартай харилцан ярилцаж үүрэг оролцоог зааварчилж, удирдан зохион байгуулсан нь нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзээд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тойм бэлтгэсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа